ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

  • 2025-06-30

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны дагнасан шүүхийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгуулахтай холбогдуулан Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон Ханнс-Зайделийн сан хамтран “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Хурлыг нээж, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Гэр бүл, хүүхдийн хэргийг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах нь хүүхдийн хууль ёсны эрх ашгийг зохих ёсоор хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох онцлогт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн ачааллыг зөв хуваарилах, гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх, эвлэрүүлэн зуучлалын үр нөлөөг ахиулах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг харж болно” гэдгийг онцолж байв.

Хурлын I хэсэгт Нагояагийн их сургуулийн профессор, Хууль зүйн доктор Харада Аяако “Япон улсын Гэр бүлийн шүүхээс гэр бүл салалт, асран хамгааллын маргааныг хянан шийдвэрлэх нь”, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, Хууль зүйн доктор Н.Баярмаа “Монгол Улсын гэр бүлийн хөрөнгийн зохицуулалтын онцлог, шүүхийн практик”, БНТУ-ын дээд шүүхийн Иргэний хэргийн 2-р танхимын шүүгч, Гэр бүлийн эрх зүйн үнэлгээний зөвлөлийн дарга Севил Картал “БНТУ-ын Гэр бүлийн тухай хууль дахь хүүхдийн асрамж ба хүүхдийн эрхийн тухай”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн “Монгол Улс дахь хүүхдийн асрамжийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал”, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нар “Хүүхэд үрчлэлтийн талаарх зарим зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.

Хурлын II дахь хэсгийн хүрээнд  Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Монгол Улс дахь өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотын анхан шатны шүүхийн шүүгч Маттю Ж. Виола “Гэр бүл, хүүхдийн хэргийн нэгдсэн шүүх: Хавай мужийн хэтийн төлөв”, ХБНГУ-ын Бамберг хотын Ерөнхий прокурорын газрын прокурор, орлогч дарга Стефан Сшал “ХБНГУ дахь насанд хүрээгүй хүний эрүүгийн эрх зүй” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Улсын хэмжээнд өнгөрсөн гурван жилд 639 өсвөр насны хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Өсвөр насны хүн хулгай, дээрэм, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зөрчил, танхайрах, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол түгээмэл байна. Дэлхийн улс орнуудад өсвөр насны хүнд ял оноохыг урьтал болгодоггүй. Өндөр хөгжилтэй орнуудад засан хүмүүжүүлэх арга хэмжээ авах, ял оноох харьцаа 30/70 байдаг бол манайд 50/50 байгаа нь өсвөр насныханд зориулсан шударга ёсны тогтолцооны зорилтод нийцэхгүй байна” хэмээв.

Хуралд Монгол, Австрали, ХБНГУ, Япон, Нидерланд, БНСУ, БНТУ, АНУ зэрэг найман орны төлөөлөл танхим, цахим хосолсон байдлаар оролцсон юм.

Дэлгэрэнгүйг:

https://supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=3638&pr=14&tp=list&h=0

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2025-06-30