ТӨЛБӨР ТӨЛӨГЧӨӨС БУСАД ХҮНИЙ ӨМЧЛӨЛИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН ТОГТООЛ ХУУЛЬ БУС БАЙНА

  • 2024-09-18

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00504 дүгээр шийдвэр

Тоймын дугаар, огноо: №06, 2024.09.18

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор түүний өвлийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “миний ганц хүний өмч болох  өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүй, надад мэдэгдэхгүйгээр Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Төлбөр төлөгчийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор миний өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон. Хариуцагчаас дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан үндэслэлээ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний охин Р-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600000 төгрөгөөр торох ял оногдуулж, гэмт хэргийн хохирол 35,414,490 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүний эд хөрөнгийг захиран зарцуулахыг хязгаарласан гэж тайлбарлаж байгаа боловч охин Р нь 2009 онд гэр бүл зохиож манай гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан ба тухайн үл хөдлөх хөрөнгө миний ганц хүний өмч тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө зарцуулахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  нэхэмжлэлийн шаардлагыг “...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Р-аас 35,414,490 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төлбөр төлөгч Р-ын эд хөрөнгийн мэдээлэл авахад Р-наас гадна 7 хүний өмчлөлтэй 72 м.кв талбайтай эд хөрөнгө хамтран өмчилдөг болох нь тогтоогдсон тул Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгох тул эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгох боломжгүй” гэж эс зөвшөөрч маргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.

Шүүх нэхэмжлэгч Х нь өвлийн сууцны зориулалттай 72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг ганцаараа өмчилдөг болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хувийн хэрэг, албан бичиг зэргээр тогтоогдож байна гэж үзэж шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч Р-д холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч Х-ийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг  хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэжээ.

 

 

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек