АХМАД ШҮҮГЧИЙН ДУРСАМЖ

  • 2024-06-06

Миний бие 1993 оноос 2005 оны эцэс хүртэл 12 жил Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгчээр 12 жил буюу хуульд заасан хоёр удаа томилогдон бүрэн эрхийн хугацаа дуусаж дахин уг орон тоондоо томилогдох хуулийн дагуу боломжгүй болсон тул миний өмнө тус сум дундын шүүхийн шүүгчээр ажиллах эсвэл шинээр батлагдсан Захиргааны хэргийн шүүхийн орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалтад орох хоёр зам тулгарч байлаа. Тиймээс талийгаач ханьтайгаа зөвлөлдсөний дагуу Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд сонгон шалгаруулалтад орохоор болсон. Уг сонгон шалгаруулалт 2005 оны 11-р сарын сүүл 12-р сарын эхээр Улаанбаатар хотод болсон ба уг сонгон шалгаруулалтад улсын хэмжээгээр нийт шүүхүүдийн сул орон тоонуудад 60-аад хүн орсны дотор 50 нас хүрсэн буурал толгойтой хамгийн ахмад нь би байж билээ. Шалгаруулалтад орсон хүмүүсээс дөнгөж 10 хэдэн хүн тэнцсэний нэг нь би байсан.

Ингээд тус Захиргааны хэргийн шүүхэд Аймгийн шүүхийн хамт олны нэр дэвшүүлснээр Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдон,2005 оны сүүлчээс 2012 оны эцэс хүртэл долоон жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан  юм.

Намайг Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж эхлэх үед тус шүүх нь байгуулагдаад нэг жил гаруй болж байсан шинэ шүүх байсан ба шүүгчээр З.Гүлбарша , С.Еркеш нар болон туслах буюу шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Риза нар ажиллаж байсан.Ийм шижигнэсэн залуу өндөр боловсрол мэдлэгтэй хамт олон намайг угтаж билээ.Тэр үед Захиргааны хэргийн шүүхийг Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч /Р.Асхабыл/ удирддаг байсан.

Тухайн үед улсын хэмжээнд Нийслэлийн дараа хамгийн олон хэрэг шийдвэрлэдэг шүүх манай шүүх байсан тул мэдэхгүй , ойлгохгүй олон ч асуудал бидний өмнө тулгарч байсан.

Энэ бүхнийг бид хамтарч хэлэлцэж , зөвлөлдөж, хууль тогтоомж судалж тал бүрээс нь нарийн нягтлан, иргэдийг хохироохгүйгээр шийдвэрлэхийг эрмэлздэг байлаа.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэдэг хэрэг маргааны нэг талд нь заавал өндөр албан тушаалтнууд нэг талд нь энгийн иргэд байдаг ба тэдний хоорондын маргааныг шүүгч мөрдөн шалгах замаар зөв бурууг тогтоон шийдвэрлэдэг тул бишгүй бэрхшээл тулгарч байсныг үл хайхарч тухайн үеийн шинээр үүсэн бий болсон Захиргааны хэргийн шүүхийн анхны галыг бадрааж , үнэн нүүр царайн болж явсан шүүн таслах ажлын ариун туршлагатай эрхэлсэн ажил , эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж өргөсөн тангарагтаа үнэнчээ илтгэн шударга ёсыг эрхэмлэн зүтгэж хөдөлмөрлөж явсан дээрх хамт олонтойгоо түүхийн нэгээхэн цаг үед хамт ажиллаж , амьдарч энэхүү хариуцлагатай албыг хашилцаж явсандаа бахархаж явдаг шүү,

Эцэст нь залуу үедээ хойч үедээ захиж хэлэхэд шүүгч хүн нийгмийн бүх салбарын талаар мэдлэгтэй байж , үг хэллэг маш оновчтой хууль тогтоомжоо ягштал мэдэж судалсан, биелүүлдэг байх ёстойгоос гадна зан харьцаа туйлын зөв даруу байж хүнлэг сэтгэлийг удирдлага болгож байх учиртай гэж боддог.

Дурсамж бичсэн ахмад шүүгч Сламын Сайран