ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХАВСРАЛТЫН ХОЛБОГДОХ ХЭСГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХЫГ ХҮССЭН НЭХЭМЖЛЭЛИЙГ “...НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЭРХГҮЙ ЭТГЭЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН” ҮНДЭСЛЭЛЭЭР ШҮҮХ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАЖ ШИЙДВЭРЛЭВ

  • 2024-03-26

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024 оны 02 дугаар сарын 16, 110/ШШ2024/0036

Тоймын огноо дугаар: 2024 оны 03 дугаар сарын 18, Дугаар 05

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

            Нэхэмжлэгч А.А нь “Ө” сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн  шаардлагыг  “Ө” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан.

Шүүхээс  “ нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэв.

“Ө” сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтад  нэхэмжлэгчийн маргаж буй сул чөлөөтэй газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар иргэдэд эзэмшүүлэхээр тусгасан байх ба газар зохион байгуулалтын төлөвлөгөөний энэ хэсгийг нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрхийг хөндсөн захиргааны шийдвэр гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөөгүй, түүнд   чиглэгдээгүй, уг шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд сэргээгдэх нөхцөл байдал үүсэхгүй.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн эзэмшихийг хүсвэл хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаж, зохих журмын дагуу эзэмших эрхтэй.

Нөгөө талаар “энэ газрыг бусдад эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд оруулж болохгүй” гэж маргах эрх нэхэмжлэгчид хуулиар олгогдоогүй, учир нь уг газар нь хэний ч эзэмшилд ороогүй, сул чөлөөтэй газар тул захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээндээ өөрөө шийдвэрлэнэ.

 

            Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша