БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

  • 2024-01-03

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны бүтэн жилийн байдлаар 1306 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 137 иргэний хэрэгтэй хамт нийт 1443 иргэний хэргээс 94 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 6 нэхэмжлэлийг буцааж, 1 хэргийг адил шатны өөр шүүхэд шилжүүлж, 5 хэргийг нэгтгэж, 1 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, нийт 1168 иргэний хэргийг шийдвэрлэж, 168 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19 хэргээр буюу 1,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 1168 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 592 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 247, бэлэглэлийн гэрээтэй холбоотой 2, зээлийн гэрээний маргаан 112, эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой 4, түрээсийн гэрээтэй холбоотой 2, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 28, хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой 6, тээвэрлэлтэй гэрээтэй холбоотой 3, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 80, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 2, гэм хор учруулснаас эд хөрөнгийн хохирол 69, гэм хор учруулснаас эрүүл мэндийн хохирол 8, эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой 2, өвлөх эртэй холбоотой 1, иргэний эрх зүйн бусад маргаанаар 26 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 386 хэрэг шийдвэрлэснээс хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай 29, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт 27, нас тогтоолгох тухай хүсэлт 5, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 286, садан төрлийн холбоо тогтоолгох тухай 2, хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт 4, согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулиар 5, бусад төрлийн хүсэлтээр 28 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 90 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 73, эцэг тогтоолгох тухай 9, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 1, бусад маргаан 7 хэргийг шийдвэрлэж, 85 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 73 хэрэг шийдвэрлэснээс ажлаас буруу шилжүүлсэн 2, ажлаас үндэслэлгүй халагдсан 37, цалин хөлсний маргаан 23, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 11 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулиар 10, Төрийн албаны тухай хуулиар 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 5, Цагаатгалын нөхөн олговор 1, бусад хуулиар 8 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 1168 хэргийн 470 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 609 хэргийг шүүх хуралдаанаар, 89 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 76,284,489 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-12-27